April 19, 2008
Роналд Рейган: “Челлэнжер” сансрын хөлөг – Эмгэнэлийн үг
Роналд Рейган - 1986 оны 1 сарын 28 өдөр, Цагаан ордон, Овал тэнхим
Хатагтай ноёдоо, энэ үдэш би та бүхэнд Холбооны улсын талаар мэдээлэл хүргэхээр төлөвлөж байсан боловч өнөө өглөөний хэрэг явдал энэхүү төлөвлөгөөг өөрчлөхөд хүргэлээ.
Өнөөдөр бол гашуудлын бас дурсан санах өдөр.
Миний эхнэр Нэнси бид хоёр энэ золгүй явдалд гүнээ гашуудаж байна. Улс орны маань өнцөг буланд байгаа хүн бүхэн бидэнтэй энэ уй гашууг хуваалцаж байгааг мэдэж байна. Энэ явдал манай үндэстний хувьд хүнд гарз боллоо.
19 жилийн өмнөх бас нэгэн өдөр, бид аймшигт ослоор гурван сансрын ажилтнаа газар дээр алдсан билээ.
Гэхдээ,
Бид хэзээ ч тэнгэрт, нислэгт байхад нь тэднийгээ алдаж байсангүй
Бидэнд хэзээ ч ийм эмгэнэлт явдал тохиож байсангүй
Магадгүй бид хөлгийн баг бүрэлдэхүүний эр зоригийг дурдахаа мартсан байна. Челлэнжер хөлгийн 7 гишүүн аюулыг мэдэж байсан, гэвч тэд аюулыг сөрж үүргээ гайхалтай биелүүлсэн. Мишэл Смит, Дик Скоби, Жуди Рэсник, Роналд МкНаир, Эллисон Онизука, Грегори Жарвис мөн Криста МкАулиф.
Эр зоригт долоон баатрынхаа хойноос бид гашуудаж байна.
Эх орон чинь та нарыг үгүйлэх болно.
Багийн долоон гишүүний гэр бүлийнхэнд, энэ эмгэнэлт явдлын хүнд цохилтыг бид юугаар ч нөхөшгүй билээ. Гэвч та бүхний хүнд гарз хохирлыг бид ойлгож байна. Таны хайртай эрхэм хүмүүн чин зоригт, эрэлхэг баатар байсан. "Надад энэ үүргийг даатга, баяртайгаар биелүүлье" гэж хэлээд одсон тэд биширмээр цог жавхлантай, энэрэнгүй хүмүүс байлаа.
Тэд сансрын уудмыг судалж, түүний нууцыг тайлах гэсэн чин эрмэлзэлтэй байлаа. Тэд үүний төлөө зорьсон, бас чадсан. Тэд бидний төлөө бүхнийг хийсэн.
Энэ зуунд тайлагдаагүй зүйлс нэмэгдсээр байна. Энэ тийм ч биднийг гайхшруулах зүйл биш. АНУ-ын сансрын хөтөлбөр зөвхөн үүний төлөө 25 жил ажилласан. Гэхдээ бид дөнгөж эхэлж байгаагаа мартаж болохгүй. бид өнөөг хүртэл анхдагчид. Челлэнжер хөлгийн багийн гишүүд ч анхдагчид байлаа.
Энд би, энэхүү шууд нэвтрүүлгийг үзэж байгаа сургуулийн бяцхан хүүхдүүдэд нэг зүйл хэлмээр байна. Ойлгоход хэцүү байгааг мэдэж байгаа хэдий ч зарим үед ийм хүнд явдал тохиолддог юм.
Энэ бүхэн судалгаа шинжилгээ, нээлт хийх үйл ажлын маань нэг хэсэг. Энэ бүхэн боломжийг ашиглах, хүн төрөлхтөний мэдлэгийн хүрээг өргөжүүлэх нэг хэсэг нь байсан.
"Ирээдүй бол хулчгарынх биш эр зоригтных байдаг юм."
Челлэнжерийн баг бүрэлдэхүүн биднийг ирээдүй рүү хөтөлж, бид тэднийг залгамжлах болно.
Бид сансрын хөтөлбөртөө үргэлж итгэж найдвар тавьж, хүндэтгэдэг. Өнөөдрийн болсон үйл явдал үүнийг маань дуслын төдийд ч багасгахгүй. Бид сансрын хөтөлбөрөө бусдаас нуудаггүй. Бид үүнийг нуун дарагдуулж, халхалдаггүй. Бид, бүхний өмнө, нийт ард олныхоо өмнө ил тодоор ажилладаг. Эрх чөлөөний энэ замналаас хормын төдийд ч хазайхгүй.
Бид сансрын эрэл судалгааны ажлаа үргэлжлүүлэх болно. Дахиад ч сансрын нислэгүүд, нислэгийн багууд, тиймээ, сайн дурынхан, энгийн иргэд, багш нар сансарт байх болно. Энэ бол төгсгөл биш. Бидний итгэл бидний судалгаа үргэлжлэх болно.
Энд нэг зүйлийг нэмж хэлмээр байна. НАСА-д ажилладаг эсвэл энэ үүрэг даалгавар дээр ажилласан ажилтан бүртээ уулзаж, ярилцаж чаддагсан бол би энэ үгийг хэлнэ: "Та бүхний зорилго, мэргэжил, авъяас чадвар чинь биднийг олон арван жилийн турш хөтөлж, гайхшруулж ирсэн. Та нарынхаа зовлон бэрхшээлийг мэднэ, бид хуваалцах болно."
Өнөөдөр бас нэгэн үйл явдал давхцсан. 380 жилийн өмнө, энэ өдөр агуу судлаач Сир Франкиз Дрейк, Панамын эрэгт осолдсон хөлөг дээр амь үрэгдсэн.Түүний амьдралын хугацаанд агуу хил хязгаар нь далай байлаа. Хожим нь түүнийг түүхчид, "Тэр далайдаа амьдарч, далайдаа амьсгал хурааж, далайдаа уусан шингэсэн хүн" гэж хэлсэн байдаг. Тиймээ, өнөөдөр бид Челлэнжерийн багийнхныг яг л Дрейк шиг зорилгоо биелүүлсэн гэж хэлж чадна. Тэд бидний дунд амьд байхдаа ямар байсан яг тэр л хэвээрээ бидэндээ дурсагдах болно. Өнөө өглөөхөн нислэгтээ бэлдчихээд, сүүлчийн удаа бидэндээ баяртай гэж гараа даллаад эх дэлхийгээсээ тэнгэрийн орон руу үүрд одсон тэднийгээ бид хэзээ ч мартахгүй ...
Баярлалаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment