April 26, 2008
Боломжийг олж харах
Эрт цагт үргэлж гомдоллодог нэгэн эр байв. "Борви бохис хийлгүй ажиллаад арай гэж л амь зууж байна. Харж хандах хэн ч байхгүй ганцаараа хэцүү байна" гэж ямар ч баяр хөөргүй явдаг байв.
Эцэст нь нэг шийдвэр гаргаж гэнэ. Тэр нь тэнэн хэсүүчилж байгаад сахиусан тэнгэр тааралдахаар хамаг байдлаа яриад энэ шударга бус байдлыг засч өгөхийг хүсэх байлаа. Тэгээд замдаа гарчээ. Ууланд явж байгаад нэг чонотой тааралджээ. Тэр чоно ердөө яс арьс гэмээр туранхай, арай гэж л хөл дээрээ тогтож байв. Чоно нөгөө эрд дөхөж очоод хаа хүрч явааг нь асуув. Залуу ч учир явдлаа ярьж гэнэ. "Нэг сахиусан тэнгэртэй уулзаж энэ шударга бус байдлыг өөрчилж өгөхийг гуйна" гэв. Чоно тэгэхэд залуугаас "надад нэг тус болооч. Би ч гэсэн өдөр шөнөгүй яваад юу ч олж идсэнгүй. Тэр сахиусан тэнгэртээ намайг ч гэсэн хэлээд өгөөч. Ингэж яваад үхэх нь гэж хэлээрэй" гэв. Залуу цаашаа замдаа гарав. Цааш яваад нэг үзэсгэлэнтэй бүсгүйтэй тааралдав. Бүсгүй хаа хүрч явааг нь асуугаад сахиусан тэнгэрийн тухай сонсоод залуугийн гараас атган: "Тэр сахиусан тэнгэрт намайг ч гэсэн хэлээд өгөөч. Залуухан үзэсгэлэнтэй, эд хөрөнгө гээд бүх зүйл минь байгаа боловч аз жаргалгүй байна. Аз жаргалтай болохын тулд яах ёстойг минь асуугаад өгөөч" гэв. Залуу ч бүсгүйн захиасыг асууна гэдгээ амлаад цааш явав. Хэсэг явсны дараа нэг модны дор амрахаар суув. Эргэн тойрноо харвал нов ногоон боловч нөгөө амрахаар суусан мод л ямар ч мөчир нь нахиагүй байв. Энэ байдалдаа ч мод их гутарч байгаа нь илт байв. Мод залууд зовлонгоо ярив. "Хэрэв тэр сахиусан тэнгэртэй уулзвал миний тухай бас хэлээрэй. Ийм байдалтай байгаагийнхаа учрыг үнэхээр ойлгохгүй юм. Харж байгаа биз дээ? Энэ шим тэжээлтэй хөрсөн дээр ургаж байна, эргэн тойрон нов ногоон, модны мөчир нь саглагар, жимс жимсгэнээр дүүрэн байна. Гэтэл надад юу ч алга. Бусад модны адил ногоон сайхан мод болохын тулд юу хийх ёстойг минь асуугаарай" гэж залууд захив. Залуу ч асууна гэж амлаад цааш замдаа гарав.
Эцэст нь сахиусан тэнгэрийг хайгаад олдохгүй болохоор нь цөхрөнгөө бараад цааш явахаа болихоор шийдээд сууж байтал гэнэт өмнө нь нэг сахиусан тэнгэр зогсож байна. Залуу ч хамаг юмаа ярьж эхлэв. "Өдөр шөнөгүй ажиллаад хорвоо дэлхийн ямар ч хишиг хүртэж байгаа юм алга. Амьдрал их хэцүү байна. Надаас бага ажилладаг хэрнээ сайхан амьдарч байгаа хүн зөндөө байх юм. Шударга ёс хаа байна? гэхэд сахиусан тэнгэр: "За за. Чамд баян, аз жаргалтай болох нэг боломж өгье. Одоо ирсэн замаараа эргээв яв." гэв. Залуугийн сэтгэл нь амарч замд тааралдсан мод, бүсгүй, чонын зовлонг ч ярив. Сахиусан тэнгэр ч тэдэнд тохирох хариуг хэлж өгөв.
Залуу буцаад замдаа гарав. Удаан явсны эцэст модны дэргэд очин сахиусан тэнгэрийн хэлснийг хэлэв. "Чиний үндэсний яг хажууд нь нэг авдар алт байна. Тийм учраас л чи ямар ч тэжээл авч чадахгүй, үр жимс гаргахгүй байгаа юм байна. Тэр авдар алтыг л гаргачихвал чи бусад модны адил ногоорох болно" гэв. Мод "Ямар гайхалтай вэ? хурдан ухаад алтыг гаргаач" гэхэд залуу "Болохгүй. Сахиусан тэнгэр надад зориулж боломж бэлдсэн байгаа. Хурдан харих минь" гэж хэлээд цааш явав. Бүсгүй залууг ирэхийг хүлээж байлаа. "Юу гэж байна?" гэж тэсч ядан асуув. "Зовлон жаргалаа хуваалцах хүнтэй гэрлэвэл бүх асуудал чинь шийдэгдэнэ гэсэн" гэхэд бүсгүй "Тэгвэл хоёулаа гэрлье, тэгээд хамтдаа аз жаргалтай амьдаръя" гэв. Харин залуу бас л "Болохгүй. Надад цаг алга. Сахиусан тэнгэр надад бэлдсэн боломжийг олохын тулд хурдан харих хэрэгтэй байна. Чи өөр хүнтэй гэрлэ" гэж хэлээд цааш явах замдаа чонотой тааралдав. Тэгээд чонод юу болсныг яриад хурдан явж боломжоо хайх хэрэгтэй, яарч байгаагаа хэлэхэд чоно "Тэгээд би яах вэ? Надад юу гэж зөвлөснийг нь хэлчихээд яв л даа" гэхэд залуу "Чамд захиж хэлснийг би ойлгоогүй. Чамайг нэг тэнэг хүнтэй тааралдаад тэрийг л идэхгүй бол өлсөж үхнэ гэсэн" гэхэд чоно "Харин би сайн ойлголоо" гэж хэлээд нөгөө тэнэг залууг идэж орхив.
Үлгэрийн төгсгөлд хэлэхэд: "Зүүд тань биелээсэй гэж хүсч байгаа бол эхлээд нойрноосоо сэрэх хэрэгтэй."
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment