Америкийн хэвлэл мэдээллийг бусад орныхон арилжааны том телевизүүдээр нь л төсөөлдөг. Харин Америкийн нийгмийн хөгжлийн төлөө зөвхөн америкчууддаа зориулж тэртээ 1967 онд үндэс суурийг нь тавьсан олон нийтийн телевизийнх нь талаар ойлголт хаана ч тун бага юм. Монголд хэвлэл, мэдээллийн чиглэлээр зохиогдсон олонхи хурал зөвлөгөөн дээр гол төлөв Европын орнууд болон Япон, Австралийн олон нийтийн телевизийн талаар танилцуулан ярьж байсан. Энэ нь ч учиртай. Европод Английн Би Би Си, Азид Японы Эн Эйч Кэй корпораци олон нийтийн телевизийн анхдагч болж тухайн орнуудад арилжааны телевиз байгуулагдахаас ч өмнө үүсч бий болсон түүхтэй билээ. Тиймээс аль ч орныхон тэдний туршлагыг судлахаас ч аргагүй тул Монгол телевизийн удирдлагуудаас эхлээд албаны олон хүн сүүлийн жилүүдэд дээрх хоёр орныг зүглэсэн юм. Түүнчлэн Германы Дойч Велле, Австралийн Эй Би Си телевизийн талаар ч хэвлэл, мэдээллийнхний хүрээнд нэлээд яригдаж, бичигдэж байлаа. Харин Америкийн олон нийтийн телевизийн талаар судалж, монголчуудад танилцуулсантай ер таарч байсангүй.
Монголын Үндэсний Телевизийг олон нийтийнх болгох ажил нэлээд шуударч байгаатай холбогдуулан санаа өгөх үүднээс Америкийн олон нийтийн өргөн нэвтрүүлгийн тогтолцооны талаар судалж мэдсэнээ та бүхэнтэй хуваалцаж байна.
Олон нийтийн телевизийг байгуулахад олон түмэн өөрсдөө оролцжээ
Английн колони байсан үеийг нь эс тооцох юм бол хэзээ ч бусдын хараанд ороогүй, Англи, Япон шиг хаанаар удирдуулаагүй, коммунист дэглэм тогтож байгаагүй, тоталитар дарангуйлагчийн мэдэлд орж үзээгүй Америк оронд чухам яагаад олон нийтийн телевиз хэрэгтэй болсон юм бол оо? Америкт олон нийтийн телевизийн талаар яригдаж эхэлсэн жараад оны үе бол гучаад онд дэлгэцийн кино руу олон түмэн хошуурч байсан шиг Си Би Эс (CBS буюу Columbia Broadcasting System), Эн Би Си (NBC буюу national Broadcasting Corporation), Эй Би Си (ABC буюу American Broadcasting Corporation)гэсэн арилжааны том телевизийн цэнгээнт хөтөлбөрүүд рүү хүмүүс тэмүүлж байсан цаг билээ. Тэр үед Си Би Эс -ээр 1952 оны тавдугаар сарын 9-нд эхлэн үргэлжилж байсан “Би Люсид хайртай” хошин шоуны ээлжит ангийг үзэхээр хүмүүс гэрийн зүг яаравчилдаг байжээ. Түүнчлэн Си Би Эс ба Эн Би Си телевизүүд 1956 оны 9 дүгээр сараас эхлэн рок-эн-роллын алдарт дуучин Элвис Преслиг студидээ өрсөлдөн урьж үзэгчидтэйгээ учруулж байсан үе. Дээр нь телевиз мэдээнийхээ шуурхай байдлаар сонин хэвлэлийг мөхөлд хүргэх нь гэж ч судлаачид таамаглан бичиж байлаа.
Харин Америкийн 600 гаруй арилжааны телевизийн зэрэгцээ орон нутагт 120 гаруй сургалтын телевиз үйл ажиллагаа явуулж байжээ. Хамгийн анхны арилжааны бус телевиз 1949 онд Калифорнийн Бөркли хотод нээгджээ. Тэдгээр сургалтын телевиз их дээд сургууль болон ашгийн бус боловсролын байгууллагын мэдэлд байв. 1964 оны 12 дугаар сард тэдгээр телевизийг нэгтгэдэг Сургалтын Өргөн Нэвтрүүлгийн Үндэсний Холбооноос Америкийн Боловсролын Яамтай хамтран зохион байгуулсан хурал дээр сургалтын телевизийн санхүүжилтыг судлах комисс байгуулах тухай яригджээ. Тэр үед Нью Уорк дахь Карнегийн корпорацийн ерөнхийлөгч байсан Жон Гарднер уг санаачилгыг сонирхож идэвхийлэн дэмжиж, улмаар корпораци нь комиссийн үйл ажиллагааг санхүүжүүлэхээр болжээ. Ингээд Сургалтын Телевизийн Карнегийн Комиссийг 14 гишүүн, нэг дарга, дөрвөн гүйцэтгэх ажилтантайгаар байгуулав. Уг комиссийн гишүүдийн бүрэлдэхүүнд их дээд сургуулийн захирлууд голлосон бөгөөд элчин сайд, мужийн захирагч, төгөлдөр хуурч, төрийн бус байгууллагын төлөөлөгч, корпорацийн ерөнхийлөгч тус бүр нэг багтсан байв. Харин комиссийн даргаар Массачусетсийн Технологийн дээд сургуулийн захирал Жэймс Киллан ажиллажээ. Тэднээс анхлан хүссэн зүйл маш энгийн байв. Комисс ердөө л “арилжааны бус телевизийн талаар судалгаа хийх”, “ тэгэхдээ телевизийн олон түмэнд үйлчлэх хүрээг анхааралтайгаар тогтож судлах”, “арилжааны бус телевизийг цаашид хөгжүүлэх зааварчилга өгөх” ёстой байв. Тэр үеийн АНУ-ын ерөнхийлөгч Линдон Жонсон уг комиссийн зорилгыг тодотгосон захидалдаа: “Манай улс үндэстэн үүсэн бүрэлдсэн цагаас аюулгүй байдал маань ард түмнээ гэгээрүүлэхээс, эрх чөлөө маань олон сувгаар олон янзын үзэл бодлыг харилцан дамжуулахаас хамаарна гэдгийг бид хүлээн зөвшөөрсөн билээ. Сургалтын телевиз нь АНУ болон дэлхий ертөнцийн ирээдүйн тун чухал зүйл гэдэгт би итгэж байна. Комиссийн гаргаж ирэх дүгнэлтийг би удахгүй ихэд сонирхон үзнэ гэдэгтээ найдаж байна” гэжээ.
Карнегийн Комисс нэг жилийн хугацаанд статистикийн судалгааг шаргуу явуулж, олон нийтийн телевизийн талаар нийтлэгдсэн өгүүллүүдийг цуглуулж, 92 сургалтын телевизийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, улмаар албан ёсны найман хурал хийсний нийт үргэлжилсэн хугацаа нь 28 өдөртэй тэнцсэн байдаг. Хурлуудын хооронд тэд хоорондоо байнга зөвлөлдөж байсан ба 225 хувь хүн, байгууллагаас тэдэнтэй ирж уулзах буюу захидал бичиг ирүүлж байжээ. Олон нийтийг төлөөлсөн тэдгээр хүмүүсийн санаа бодол болон судалгаанаас хийсэн дүгнэлтээ комиссийнхон тайландаа тусгаж, уг тайлангаа “Олон нийтийн телевиз: Үйл ажиллагааны хөтөлбөр” (1967) гэсэн ном болгон хэвлүүлээд “Сургалтын Телевизийн Карнегийн Комиссын энэхүү тайланг Америкийн ард түмэнд зориулав” хэмээн удиртгалд нь бичсэн нь бий.
Цааш нь “Бид олон хүнээс чиг баримжаа, тусламж эрэлхийлсэн бөгөөд хэн ч бидэнд татгалзаагүй. Комиссийн өмнө хэн ч хаалгаа хаагаагүй. Асуудлын чухал бөгөөд шахуу байдлыг ойлгосон нь бидний ажилд хувь нэмэр болсноор илэрч байлаа” гэж бичжээ. Олон нийтийн телевизийн талаар зарчмын асуудал хөндөж нийтэд ойлгогдохоор бичсэн зарим хүмүүсийн саналыг тайландаа мөн хавсаргасан байна. Ийнхүү энгийн америкчууд олон нийтийн телевизийг үүсгэж байгуулахад оролцсон ажээ. Хэрэв тэр үед Интернэтийн цахим шуудан байсан бол Комисс олон мянган и-мэйлд дарагдах байсан биз ээ.
Америкчууд ч бас бусдын туршлагыг судалсан
Карнегийн комиссийнхон Англи, Япон, Канад, Итали, Герман, Швед гэсэн долоон орны телевизийг очиж сонирхжээ. Очсон бүх орныхон дээд зэргийн чанартай хөтөлбөр бэлтгэхийн төлөө чармайн ажиллаж байсан бөгөөд зарим нь нэлээд амжилтад хүрсэн байлаа. Гэхдээ тухайн орныхоо нийгмийн ахуй, уламжлалын шаардлагыг хангаж чадсан телевиз л хамгийн өндөр амжилт үзүүлснийг тэд олж мэдэв. “Тийм орноос бид импортолж оруулж ирэх зүйл бараг байсангүй. Бид ч гэсэн уламжлалаасаа урган гарсан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн жинхэнэ Америкийн системийг санал болгож байна” гэж Карнегийн Комиссийн тайланд бичжээ.
Тэд арилжааны телевизүүдтэй өрсөлдөхөөр зэхэж эхлээд байсан Англи, Японы олон нийтийн телевиз шиг биш харин ч арилжааны телевизүүдтэй зэрэгцэн оршиж, нийгмийн өндөр хэрэгцээг хангахын төлөө тэдэнтэй хамтран ажиллах олон нийтийн телевизийг Америкт бий болгохоор санал болгожээ. Тодруулан хэлэхэд Би Би Си, Эн Эйч Кэй телевизүүд жараад оноос арилжааны телевизүүдтэй өрсөлдөхийн тулд нэвтрүүлгийнхээ хооронд зар сурталчилгаа явуулж эхэлсэн юм. Гэхдээ олон нийтийн гэдэг утгаа хадгалахын тулд зар сурталчилгааг мэдээний хөтөлбөр, нэвтрүүлэг, киногоо таслан дундуур нь оруулахыг тэд хориглосоор иржээ. Америкчууд олон нийтийн телевиз ерөөсөө ашиг хөөх ёсгүй гэж үзээд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний зар сурталчилгаа огт явуулдаггүй бөгөөд харин нэвтрүүлгийн хооронд тухайн нэвтрүүлгийг ивээн тэтгэсэн байгууллага, компанийг танилцуулж, дараагийн хөтөлбөрөө зарладаг юм. Үүнийгээ тэд өөрийн сурталчилгаа (promotion) гэж нэрлэдэг.
АНУ-д нэгэнт ноёрхчихсон байсан арилжааны телевизтэй өрсөлдөхөөс айж эмээсэндээ зар сурталчилгааны зах зээлээс тэд ухраагүй юм. Олон нийтийн телевизийг улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөнөөс хол, бие даасан байлгаж нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд ийм чиг шугам чухал гэж үзжээ. Нөгөө талаас арилжааны телевизүүд ч гэсэн 1961-1965 оны хооронд сургалтын телевизүүдийг техник хэрэгслээр хангах буюу тэтгэлэг олгох журмаар 250 мянгаас хоёр сая хүртэл доллар хандивласан байв. Арилжааны телевиз үзэхийн тулд америк айл бүр зурагттай болсон нь олон нийтийн телевизийн хувьд тун таатай нөхцөлийг тавьж өгсөн юм.
Арилжааных ч бай, олон нийтийнх ч бай аль ч телевизийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг нь адилхан боловч үүргээ гүйцэтгэхдээ юуг нь эн тэргүүнд тавьдгаараа ялгаатай юм. Арилжааны телевиз нэгдүгээрт зар сурталчилгаа, хоёрдугаарт зугаа цэнгээн, гуравдугаарт үндэсний болон олон улсын мэдээ гэсэн дарааллааар ач холбогдол өгдөг бол олон нийтийн телевизийнх үүний яг эсрэг. Зар сурталчилгаа заримдаа хүмүүст буруу ташаа ойлголт төрүүлж, шүүмжлэлд их өртөж, хэтрүүлэг болон егөөдөл зэрэг уран сайхны шийдэл нэлээд хэрэглэдэг учраас олон нийтийн телевиз үзэгчдийнхээ итгэлийг алдахгүйн тулд үүнээс зайлсхийдэг байна. Арилжааны телевизийн мэдээ хэт товч, хязгаарлагдмал, гүнзгий судалгаагүй байдаг бол олон нийтийн телевиз сэтгүүл зүйн үндсэн шаардлагуудыг хангасан, үзэгчид бүрэн ойлголт өгөхүйц мэдээллийн хөтөлбөрийг чухалчилдаг. Түүнчлэн арилжааны телевиз цэнгээнт нэвтрүүлгээр хүмүүсийг зугаацуулж хөгжөөхийг хэт хичээхдээ зарим нэвтрүүлгийг сонирхол татах нь байтугай дур гутмаар, эсвэл хэт чамирхсан хийсвэр байдалтай, чанарын муу түвшинд бэлтгэдэг. Харин сайн нэвтрүүлгүүдийг нь бусад телевизүүд хуулбарлан дуурайгаад дэлхийгээр нэг тарааж орхидог талтай бол олон нийтийн телевизийн цэнгээнт нэвтрүүлэг танин мэдэхүйн чиглэлийг барьдаг учир бусад телевиз даган дуурайж давтахад түвэгтэй байдаг.
Ер нь телевиз радио нь технологийн хөгжлөөс асар их шалтгаалдаг учир олон нийтийн өргөн нэвтрүүлэг техник хэрэгслээрээ арилжааны телевизүүдтэй өрсөлдөхөөс аргагүй байдаг. Тэр утгаараа Америкийн олон нийтийн телевиз арилжааны телевизүүдээс өрсөн кабелийн сүлжээнд орж байсан түүхтэй. Өнөө үед дижитал системд бүрэн шилжжээ. Түүнчлэн цахим хуудсууд нь мэдээллийн агуулга, багтаамж, үзэмж сайтай учир шилдэг вэб сайтын жагсаалтад ордог юм. (Та www.pbs.org, www.pbskids.org www.pbs.org/rtl, www.npr.org сайт руу орж үзээрэй)
Сургалтын телевизийг олон нийтийнх болгосон нь
Сургалтын (Educational) гэдэг үг Карнегийн комиссийнхонд эхнээсээ л таалагдаагүй бөгөөд олон зүйлийг хязгаарлаж, сургалтыг анги танхимаар төсөөлдөг хүмүүсийг телевизээс үргээхээр байв. Тэгээд ч арилжааны ч, арилжааны бус ч телевиз үзэгчдээ сургаж боловсруулах зорилго тавьдаг болохоор угаасаа сулавтар байгаа сургалтын телевизийн бүтцийг системээр нь өөрчлөхдөө нэрийг нь ч солих хэрэгтэй гэж үзжээ. Тиймээс үйл ажиллагааг нь үндэсний хэмжээнд зөвшөөрсөн, ашгийн бус, засгийн газрын бус Олон Нийтийн Телевизийн Корпораци (CPT буюу Corporation for Public Television) байгуулах саналыг Конгресст тавьжээ. Карнегийн корпорацийн тайланд бичсэн уг саналыг АНУ-ын 90 дэх Конгресс хүлээж аваад 10 сарын дараа олон нийтийн өргөн нэвтрүүлгийг улсаас санхүүжүүлэх “Олон нийтийн 90-129 дүгээр хууль”-ийг 1967 оны 11 дүгээр сарын 7-нд батлан гаргажээ. Олон нийтийн өргөн нэвтрүүлэгт радиог багтаан оруулахын тулд энэ хуульд 1968 оны дөрөвдүгээр сарын 26-нд өөрчлөлт оруулж удирдах байгууллагыг нь Олон Нийтийн Өргөн Нэвтрүүлгийн Корпораци (CPB буюу Corporation for Public Broadcasting) хэмээн нэрлэжээ.
Хэвлэл, мэдээллийн бие даасан, чөлөөт байдлыг эртнээс эрхэмлэж ирсэн америкчууд олон нийтийн телевиз, радио нь засгийн газраас шууд мөнгө авах нь зохисгүй, хараат байдалд оруулна гэж үзээд тэр мөнгийг хүлээж авч дамжуулах корпораци байгуулах саналыг тавьсан нь энэ бөгөөд Олон Нийтийн Өргөн Нэвтрүүлгийн Корпорацийг (ОНӨНК) Коламбиа дүүрэгт ашгийн бус байгууллагын хуулийн дагуу бүртгүүлэхийг Конгресс хуульд нь тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл олон нийтийн телевизэд улсаас өгч буй мөнгө нь иргэдээс хурааж авсан татварын орлогоос бүрдэж байгаа тул ард нийтээс үзүүлж буй хандив туслалцаатай адилтгагдаж, нийгэмд өргөн хүрээнд үйлчлэх үйл ажиллагаа нь буяны үйлстэй жишигдэх тул тийнхүү америкийнхаар бол 501 Си буюу манайхаар бол нийгэмд үйлчилдэг ашгийн бус байгууллагаар бүртгэх болжээ. Энэ ашгийн бус корпорацийн мөн чанарыг гурван үндсэн зүйлээр тодорхойлжээ. Үүнд: Нэгд, Корпораци нь хувьцаа гаргах буюу ашиг хуваарилах эрхгүй. Хоёрт, Захирал болоод ажилтнууд нь орлогын болон хөрөнгийн хэсгээс хүртэх эрхгүй. Зөвхөн цалин болон шаардлагатай нөхөн олговроо л авна. Гуравт, Корпораци нь улс төрийн ямар ч нам болон сонгуульт албан тушаалд нэр дэвшигчид хандив өгөх буюу дэмжихгүй гэсэн байна. Угаасаа ч АНУ-д хандив, буяны хөрөнгөөр санхүүждэг байгууллагууд улс төрийн үйл ажиллагаанд оролцвол Дотоодын Орлогын хуулиар татан буулгадаг байна.
Корпорацийн гол үйл ажиллагаа нь чанарын өндөр түвшинд бэлтгэгдсэн, тэнцвэртэй, бодит байдлыг хангасан сургалт, танин мэдэхүйн хөтөлбөр болон цуврал нэвтрүүлгийг аль болох олон эх сурвалжаас авч, олон нийтийн телевиз, радиод хүртээх; арилжааны бус радио, телевизийг үүсгэж хөгжүүлэхэд туслах; АНУ даяархи олон нийтийн радио, телевизийн хоорондын холбоог хангах; орон нутаг дахь олон нийтийн радио телевизийн хөтөлбөрийн агуулгад гадны оролцоо, хяналт байлгахгүй байхад анхаарах; хувь хүн, муж, засгийн газрын агентлаг байгууллагатай санхүүгийн гэрээ хийх; уран бүтээлийн нэгж, хувь хүмүүс, радио, телевизийн станцтай хөтөлбөрийг нь санхүүжүүлэх гэрээ хийх; сургалт, танин мэдэхүйн нэвтрүүлгийг улс болон бүсийн хэмжээнд түгээх; олон нийтийн радио телевизүүдийн зардлын тооцоог хийж тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх; арилжааны бус телевизийн номын сан ба архивыг байгуулж хөгжүүлэх зэрэгт чиглэх ёстой ажээ. Корпораци өөрөө ямар ч нэвтрүүлэг, хөтөлбөр бэлтгэхгүй бөгөөд үйл ажиллагаа, санхүүгийн байдал, амжилт бүтээл, дүгнэлт саналаа багтаасан тайлангаа жилд нэг удаа Конгресс болон ерөнхийлөгчид өргөн барих учиртайг хуульд мөн тусгажээ.
Олон нийтийн телевизийн хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон гарын үсэг зурахдаа:
-Нэгэн шүүмжлэгчийн хэлснээр “бидний мөрөөдлийг өдөөж, гоо сайхны төлөөх өлсгөлөнг маань дарах, биднийг аялалд дуудах, үйл явдлын дунд оруулах, хамгийн гайхамшигт жүжиг болон хөгжимтэй танилцуулах, тэнгис далай, тэнгэр огторгуй, салхи шуурга, уул нуруудыг нээх” энэ хэрэгслээс хүсэн хүлээснээ бид хараахан хүртээгүй байна. Арилжааны бус телевиз салбар бүрийн шилдэг зүйлийг үзэгчдэдээ өргөн барьж гайхуулах болно. Эдийн засгийн хувьд биеэ даасан арилжааны бус телевиз хүмүүсийг зөвхөн сургаж боловсруулаад зогсохгүй, тэдэнд урам зориг хайрлаж, дээш нь өргөх болно гэдэгт би итгэлтэй байна гэж хэлсэн байна.
Мөнгөө хуваарилахад түвэгтэй байжээ
Карнегийн комиссийн гаргасан олон нийтийн телевизийн шинэ маягийн загварт тохируулан Артур Ди Литтль корпораци санхүүгийн тооцоо хийж есөн сая доллар хэрэгтэй гэж үзжээ. Ийм тооцоог хийхэд зориулж 1966 оны зун сургалтын болон арилжааны телевиз, бусад холбогдох салбарын 30 төлөөлөгч оролцуулсан бага хурлыг Массачусетсийн Дэдхэм хотод зохион байгуулж, ажиллах хүч, хөтөлбөр, санхүүжилт, танин мэдэхүйн нэвтрүүлгийн талаар хэлэлцүүлэг зохиожээ. Конгресс тэдний тооцсон хэмжээний мөнгийг баталсангүй. 1968 оны санхүүгийн жилд анх таван сая долларыг өгөхдөө Ерөнхийлөгч Линдон Жонсон “Америкийн арилжааны бус телевиз, радио улсаас санхүүжиж байгаа ч гэсэн хөтөлбөрийнхөө хувьд Холбооны засгийн газраас ангид чөлөөтэй байх ёстой. Конгресс дээр миний хэлсэнчлэн олон нийтийн эзэмшлийн агаарын долгионоор олон нийтийн сонирхол бүрэн үйлчлэх учиртай” гэсэн бөгөөд үүнд зориулж жил тутам өгөх мөнгөө нэмнэ гэж амлажээ. Тэр амандаа ч хүрсэн бөгөөд 1969-2001 оны санхүүгийн орлогоос үзэхэд ганцхан жилийг эс тооцвол улсаас олгодог мөнгө нь 10, 20 саяар дээшилсээр байнга өсч иржээ. Рональд Рэйган ерөнхийлөгч байсан 1983 онд улс өгдөг мөнгөө 35 саяар бууруулж байсан байна. 1991-1993 онд сансрын холбооны сателлайт системд ороход нь зориулж бүр 200 сая доллар олгожээ. Одоогийн байдлаар ирэх хоёр жилийн санхүүжилтийг нь баталчихаад байгаа бөгөөд 2005 онд 390 сая, 2006 онд 400 сая долларыг ОНӨНК-д өгөх юм.
ОНӨНК нь анх телевиз радио гэсэн хоёр салбартаа мөнгө хуваарилахдаа зовдог байв. Харин 1981 онд Конгресс 75:25 гэсэн харьцаа гаргаж өгснөөр нэвтрүүлэг санхүүжүүлэх мөнгөний гуравны нэг хэсгийг нь телевиз, үлдсэнийг нь радио авах болжээ. ОНӨНК нь телевизэд зориулсан мөнгийг Пи Би Эс (PBS буюу Public Broadcasting System)-д дамжуулан өгөхөд телевизийн уран бүтээлийн энэ гол байгууллага нь хүлээж авсан мөнгөнийхөө 75 хувийг орон нутгийн телевизийн станцуудад олгож, 25 хувиар нь үндэсний хэмжээнд дамжуулагдах хөтөлбөрүүдийг бэлтгэх ёстой болдог. Харин радиод зориулсан мөнгийг хүлээн авсан Эн Пи Ар (NPR буюу National Public Radio) нь 70 хувийг орон нутгийн радио станцуудад тараагаад, долоон хувийг хөтөлбөр зохицуулалтад хэрэглэж, 23 хувиар нь орон даяар сонсох үндэсний хэмжээний нэвтрүүлэг бэлтгэх үүрэгтэй ажээ. Түүнчлэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, үйл ажиллагааны төсвийн захиргааны зардал нь нийт зарцуулах мөнгөний таван хувиас хэтрэхгүй байх ёстой бөгөөд зургаа хүртэл хувийг техникийн элэгдэл, хорогдолд суутган нөөцөлж байх ёстой ажээ.
Харин Конгресс хүүхэд ба боловсролын нэвтрүүлэгт зориулж тусад нь төслийн сан баталж өгсөн ба техникийн зардалд хэрэгтэй мөнгийг ч тусгай заалтаар олгох болсон нь корпорацийн удирдлагыг зардал хэтрүүлдэг гэх зэмээс чөлөөлжээ. Төслийн сангийн мөнгийг бие даасан уран бүтээлийн нэгжтэй гэрээ хийж хүүхэд, үндэсний цөөнх, нийгмийн жижиг бүлэгт зориулсан хөтөлбөр, англиас бусад хэл дээр нэвтрүүлэг бэлтгүүлэхэд зориулдаг байна. Техникийн зардалд зориулсан мөнгөний 50 хувийг телевиз радиогийн станцуудад шууд дамжуулж, үлдсэн 50 хувиар нь тэдний хоорондын холболт, зохицуулалтын тооцоог хийдэг ажээ.
Орон нутаг дахь телевиз, радиогийн хувьд эхний үед гол санхүүжилт нь болж байсан улсаас авдаг мөнгө нь одоо муж болон орон нутгийнхаа татварын эх сурвалжаас авдагтай нь нийлүүлээд нийт орлогынх нь гуравны нэгийг л бүрдүүлдэг болжээ. Үлдсэн гуравны хоёрыг нь гишүүнчлэл, бизнесийн байгууллага, сангуудаас олдог байна. Уран бүтээлийн хоёр гол байгууллага болох Пи Би Эс болон Эн Пи Ар нь ашгийн бус, хувийн хэвлэл, мэдээллийн байгуулагууд юм. Пи Би Эс нь 350 телевиз, Эн Пи Ар нь 700 гаруй радиог гишүүнээрээ элсүүлсэн нь гол орлогыг бүрдүүлэгчид болжээ. Орон нутгийн телевизүүд нь гол төлөв муждаа бүртгэлтэй ашгийн бус байгууллага юм. Зарим мужийн захиргаа хотуудынхаа телевизүүдийг зангидаж бичил сүлжээ болгон удирддаг. Харин радио станцуудын үйл ажиллагааг их, дээд сургуулиудаас явуулна. Телевиз шиг орон нутаг, бүсийн сүлжээнд ордоггүй. Телевиз, радиогийн бүх станц Холбооны Харилцааны комиссоос лиценз авна. Тэд бие даасан уран бүтээлийн байгууллагаас гэрээгээр худалдаж авсан бүтээлийн зохиогчийн эрхийг гурван жилийн хугацаатай эзэмшдэг байна.
Анхны удирдлагыг нь улсын Ерөнхийлөгч томилж байжээ
1967 онд цоо шинээр байгуулагдаж байсан корпорацийн захирлын зөвлөлийн зургаан гишүүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Сенаттайгаа зөвшилцөн томилж байжээ. Хуулийн дагуу 15 гишүүнтэй байх ёстой бөгөөд эхэлж томилогдсон хүмүүс нь үлдсэн есөн гишүүнийг сонгож аваад дараа нь дундаасаа даргаа сонгож байсан байна. Америкийн олон нийтийн өргөн нэвтрүүлгийн бодлогыг барих ёстой энэхүү 15 хүнийг “боловсрол, соёл, иргэний чиглэл, түүнчлэн радио телевизийг оролцуулан урлагийн салбарт нэр хүндтэй АНУ-ын иргэдээс сонгохдоо Корпорацийн ажлын хариуцлагыг хүлээж, үйл ажиллагааг нь явуулахад тустайг нь бодолцож улс орны янз бүрийн бүс нутгаас, янз бүрийн ажил мэргэжил эрхэлдэг, янз бүрийн авьяас, туршлагатай”-г нь харгалзжээ. Түүнчлэн захирлын зөвлөлийн гишүүдийн наймаас илүү нь нэг намын гишүүн байж болохгүй гэж заажээ.
Захирлын зөвлөлийн гишүүдийн томилгооны хугацаа нийт зургаан жил үргэлжилж болох бөгөөд дахин нэг удаа зургаан жилээр улирч болох аж. Нийт 15 гишүүн бүрдсэний дараа захирлын зөвлөл өөрөө гишүүдээ сонгодог болсон ба гишүүдийн шинэ томилгоог хоёр жилийн зайтайгаар тав таваар нь солих байдлаар зохицуулдаг болжээ. Захирлын зөвлөл нь тал талаас ирж хуралдахдаа өдөр тутам 100 долларын томилолтын зардал авдаг байна.
Харин захирлын зөвлөл нь корпорацийн ерөнхийлөгчийг томилж, өдөр тутмын ажлыг удирдан явуулах ажилтнуудын цалин, нөхөн олговрын хэмжээг батална. Корпорацид ажиллах хугацаандаа бусад эх сурвалжаас цалин нөхөн олговор авахыг ажилтнуудад нь хориглоно. Ажилтнуудыг ажилд авах, томилохдоо улс төрийн болон ур чадварын шалгалт авахыг хориглодог байна.
2003 оны судалгаагаар олон нийтийн телевизийг долоо хоног тутам 51 мянган айл өрхөд 87 сая хүн үздэг гэсэн тоо гарчээ. Хоногийн 24 цагийн турш хэд хэдэн сувгаар зогсолтгүй хөвөрдөг Пи Би Эс телевиз америкчуудын олон үеийг хүмүүжүүлсэн юм. Энэ телевизийг хэн ч тайван үзэж болно. Учир нь хүчирхийлэл бүхий хүүхэлдэйн кино гардаггүй. Харин ухаарал нэмж, мэдрэмж өгсөн адал явдлын хүүхэлдэй гардаг тул эцэг эхчүүд энэ телевизэд итгэдэг. Гол төлөв сонгодог зохиолоор хийсэн Жи (G rated буюу For General audience) зэрэглэлийн киног нь гэр бүлээрээ суугаад үзэхэд таатай. Үндэсний мэдээ нь тэнцвэртэй агаад сүлжээгээр нэгэн зэрэг орон нутгийн бүх телевизээр цацна. Орон нутгийн мэдээгээ явуулах боломжийг ч гишүүн телевизүүддээ олгочихно. Дэлхийн дахины байдлыг мэдээлэхдээ хамгийн чадварлаг сэтгүүл зүйтэйд тооцогддог “Уорлд Би Би Си” мэдээллийн хөтөлбөрийг гэрээлж аваад дамжуулчихдаг. Ийм л олон нийтийн телевиз АНУ-д оршин тогтнож байна.
Эх сурвалж: "Нээлттэй нийгэм хүрээлэн"
April 17, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment