April 17, 2008

Жүүд Ваннискийн Монголд зориулсан сүүлчийн захиас

“Нийлүүлэлтийн эдийн засаг”-ийн эцэг, шинэ Кейнсчдийн эдийн засгийн онолыг шийдвэртэй шүүмжлэгч Жүүд Ваннискийн зүрх 2005 оны 8-р сарын 30-нд гэнэт зогсч, нэрт эдийн засагч, сэтгүүлч энэ хүн тэнгэрт халив. Тэрээр 1978 онд The Way the World Works нэртэй алдарт номоо бичсэн нь гуравдахь ертөнцийн орнуудын татварынхаа хэмжээг бууруулж, эдийн засгийн өсөлтийн замд орсон явдалд гол шалтгаан болсон. Тэгэхэд Латин Америкийн орнууд татварынхаа дээд хязгаарыг 30 хувиас буулгаж, Азийн орнууд татвараа үүнээс ч доогуур тогтоож, хөгжил, дэвшилд хүрсэн гэж үздэг аж. “Энэ ном англи хэлт ертөнцөөр тэр дороо түгэн тархаж ЗХУ-ын нуралтыг түргэтгэх, Америкийн эдийн засгийг дахин сэргээхэд их тус болсон. Өдгөө амжилттай хэрэгжиж буй туршилтуудын хувьд дэлхий дахин, ялангуяа, Зүүн Европ ноён Ваннискид их өртэй” гэж The Washington Times-д бичсэн байна.
Тэрээр National Review сэтгүүлээс “20-р зууны хамгийн их нөлөө бүхий ном”-ын нэг гэж зарласан уг номынхоо монгол орчуулгыг Нээлттэй Нийгэм Форумтай хамтран хэвлүүлэх талаар ярилцаж байсан юм. Тэрээр мөн монголчууд Марксын бүтээлийг зөв талаас нь нэг харвал зүгээрсэн гээд 1994 онд бичсэн “Карл Марксыг эргэн харахуй: Уян хатан нийгэм” өгүүллээ орчуулж, Монголын уншигчдад хүргэхийг бидэнд санал болгож байлаа. Ванниски бидний хүсэлтийн дагуу манай татварын багц хуулийн төсөлтэй танилцаж, саналаа 2005 оны 8-р сарын 25-нд ирүүлж билээ. Түүний саналд:
“Хуулийн төсөлд хүн амын орлогын татвар 10 хувиас дээш байгаа нь тогтоосон босгын хувьд хэт өндөр байна. Танай Засгийн газар Хонг Конг юмуу Сингапурын татварын хувь, орлогын босгыг зээлдэн авбал уг нь дээр сэн. Эсвэл, Оросын нэг шатлалтай татварыг авч болох юм. Танай орны хувьд 7500 доллараас дээш орлогод 15 хувийн татвар ногдуулбал хамгийн зохистой байх болно. Төсөлд буй бусад татварын хэмжээ болохоор байна. Харин 7000 доллараас дээш орлогод 30 хувийн татвар ногдуулах, үүн дээр бас 15 хувийн нэмүү өртгийн татвартай байгаа нь капиталын хуримтлалд жинхэнэ саад болох зүйл. Эрх баригчид хүмүүсийн олонхийн орлого нам босгоны төвшинд байх учир тэднээс татвараа олж авах нь чухал гэх байх. Гэтэл олонхи хүмүүсийн орлого тийм төвшинд байгаа нь зөвхөн капиталын хуримтлал бий болгож чадахгүй байгаагаас болж байгаа бөгөөд бодит орлого капиталыг хөдөлмөрт харьцуулсан харьцаа өссөн нөхцөлд л өсдөг. Тэгэхээр Монгол капиталын хуримтлалаа өсгөх шаардлагатай байгаа нь тодорхой байна. ...модыг сүхээр цавчиж байгаа хүний цалин цахилгаан хөрөөгөөр унагаж байгаа хүний цалингийн өчүүхэн хэсэгт хүрэхтэй үгүйтэй байх нь ойлгомжтой шүү дээ” гэсэн байна.
Нобелийн шагналт эдийн засагч Роберт Манделл, Артур Лаффер нарын хамтран зүтгэгч, дэлхийд нэртэй эдийн засагч Жүүд Ванниски Монгол Улсын татварын шинэ хуулийн төсөлд ийм дүгнэлт өгчээ. Тун товч боловч уг дүгнэлт ихийг хэлж байх шиг. Энд юун түрүүнд Монгол хангалттай капиталын хуримтлал бий болгох шаардлагатай. Гэтэл капиталын хуримтлал бий болгоход жинхэнэ саад болдог зүйл бол өндөр татвар гэдгийг онцгойлсон байна. Капиталын хуримтлал байхгүй болохоор хүмүүсийнх нь орлого бага байдаг гэжээ.
Капиталын хуримтлалтай болж байж хүмүүсийнхээ амьжиргаанд хүрэлцэх хэмжээний цалинтай ажлын байр бий болгоно гэдэг нь ойлгомжтой. Гэтэл хуримтлагдаж ядаж буй капиталыг нь манай татварын хууль босгондоо ахадсан татвар, татвартаа жулдсан босгоороо хурааж авах, ингээд мэдээж ингэж хураалгахыг хүсэхгүй ядарсан аж ахуйн нэгжүүдээ сүүдэр эдийн засаг гэгч рүү түлхсээр явж ирсэн энэ байдал шинэ хуулиар ч өөрчлөгдөхгүй янзтай. Аж ахуйн нэгжүүд тэгэхээр нэг бол далд эдийн засагт орох, эсвэл орлогоо нууж, дандаа жижигхэн байхад хүрдэг гэдгийг манай хууль боловсруулагчид, сайд, дарга нар ойлгож байгаа бололтой яриад байх шиг байдаг. Гэсэн хэдий ч татварын орлогоо бүрдүүлэх дээрээ тулахаар эрх баригчдад маань нөгөө л өндөр татвараас нь өөр арга олддоггүй бололтой юм.
Ваннискийн дүгнэлтээс үзвэл хөдөлмөр зарцуулалтыг багасгах замаар л бүтээмжээ сайжруулж, ажилчдынхаа бодит орлогыг нэмэгдүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл, бага хөдөлмөрлөсөн мөртлөө их цалин авах, бас капиталын хуримтлалаа нэмэгдүүлэх ёстой болох нь. Ингэж ер нь болдог юмуу гэсэн асуулт гарч болно. Ингэж болдгийг, ингэх ёстойг Ванниски дүгнэлтдээ сүх, цахилгаан хөрөө хоёрын бүтээмжийн ялгаагаар тайлбарлажээ.
Дэвшилт технологи, хөдөлмөрийн хуваарь, хөдөлмөрийн бүтээмж зэрэг ойлголт материаллаг үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүд, ялангуяа хувийн хэвшлийн хувьд амин чухал гэдгийг бараг хүн болгон мэдэх байх. Гэтэл чухам яагаад тийм амин чухал байдгийг ой тойндоо хүртэл ойлгож, мэдсэн улстөрч, эдийн засагчид хэр олон байдаг бол. Олон байсан сан бол байдал арай өөр баймаар. Адаглаад татварын шинэ хуулийн төслийг хэлэлцэх үед зөвхөн татварын хувийг л их, бага болгох тухай яриад байлгүй, эдийн засгийн өсөлт ярихаар уул уурхайн үйлдвэрлэл л ганц аврал мэт санаанд нь ороод баймааргүйсэн. Капиталын хуримтлал (энэ нь эдийн засгийн өсөлт, нийгмийн дэвшил) бий болгоход оновчтой татварын бодлогоос гадна технологийн дэвшил мөн чухал. Технологийн дэвшлийг ашиглахын тулд капиталын хуримтлалтай байх шаардлагатай. Харин өндөр татвар дэвшилт технологи нэвтрүүлэх, капиталын хуримтлал бий болгохын аль алинд нь дарамт болдог. Татварын орлогыг өндөр татвараар бүрдүүлэх гэх нь эдийн засагч арга яавч биш. Харин капиталын хуримтлал бий болгох өргөн бааз, суурьтай болж байж, дараа нь түүнийгээ оновчтой татварын бодлогоор дэмжвээс төр, засагтаа ч, хүн арддаа ч ашигтай баймаар.
Татварын орлогыг өндөр татвараар бүрдүүлэх гэх нь эдийн засгийн эрх чөлөөг боомилсон захиргааны арга бөгөөд Милтон Фридманы хэлсэнчлэн уг нь эдийн засгийн эрх чөлөө нь улстөрийн эрх чөлөөг бий болгодог байтал улстөрийн эрх чөлөө төлөвшиж тогтсон хойноо эргээд эдийн засгийн эрх чөлөөгөө устгах хандлагатай байдгийн жишээ юм. 1991 онд Милтон Фридман нийгмийг хөгжил цэцэглэлд хүргэхийн тулд эдийн засаг, улстөр, хүний гэсэн гурван эрх чөлөөг хангаж өгөх хэрэгтэй гээд үүнийгээ Хонг Конг, Энэтхэгийн жишээн дээр ингэж тайлбарласан байдаг.
“Хонг Конгд татвар үндэсний орлогынхоо ердөө 10-12 хувьтай тэнцэж байв (АНУ-д өнөөдөр Засгийн газрын зарлага үндэсний орлогын 43 хувьтай тэнцэж байна). Бизнест тун бага зохицуулалт хийж, үнэ, цалинд огт хяналт тавьдаггүй байв. Хонг Конгийн чөлөөт эдийн засаг гайхамшигт амжилт олсон. Ер бусын нэг боомтоос өөр нөөц, баялаггүй, өчүүхэн газар нутагтай, дэлхийн 2-р дайны эцэст 500 000 хүн амтай байсан арлын энэ орон зургаан сая хүнтэй болтлоо 10 дахин өсч, амьжиргааны төвшин дөрөв илүү дахин өссөн байна. Энэ орон дэлхийн хамгийн хурдацтай өсч, хөгжсөн орны нэг, чөлөөт зах зээлийг элдэв хязгаарлалтгүй хөгжүүлэх аваас ямар амжилтад хүрдэгийг тод томруун харуулсан нэгэн жишээ билээ.

Энэтхэг Британиас улстөрийн эрх чөлөөгөө 40 гаруй жилийн өмнө олж авснаас хойш зарим нэг цөөн тохиолдлыг эс тооцвол улстөрийн ардчиллыг мөрдлөг болгож, сонгуулиар сонгогдсон төлөөлөгчид нь ард түмнээ удирдаж ирсэн боловч эдийн засгийн болон хүний эрх чөлөө туйлын бага, хязгаарлагдмал байв.
Эдийн засгийн хувьд экспорт, импорт, гадаадын валют, үнэ, цалин зэрэгт хатуу хяналт тавьж ирсэн. Өнгөрсөн оноос эхлэн зарим нэг шинэчлэл хийсэн ч саяхан болтол Засгийн газраас лиценз авалгүйгээр ямар нэг аж ахуйн нэгж байгуулах боломжгүй байв. Эдийн засагт тавьсан ийм төвлөрсөн хяналтын үр дүнд өнөөдөр энэтхэгчүүдийн ихэнх хэсгийн амьжиргааны төвшин 40-өөд жилийн өмнө улстөрийн эрх чөлөө олж авах үеийнхээс дээшилж чадсангүй. Хонг Конг эдийн засгийн өсөлтийнхөө хугацаанд гадаадын тусламж огт аваагүйг бодолцвол байдал бүр ч илэрхий болно. Тэгэхэд Энэтхэг өнгөрсөн 40-өөд жилд 55 тэрбум долларын тусламжийг гадаадаас авсан байна. Ингэхээр Энэтхэг гадаадын тусламж аваад ч өсч, өндийж чадсангүй гэлтэй. Миний хувьд бүр ч урвуугаар буюу Энэтхэг чухамхүү гадаадын тусламжаас болоод өсч, өндийж чадаагүй гэж үзэж байна. Учир нь гадаадын тусламж Энэтхэгийн Засгийн газарт явуулж байсан эдийн засгийн бодлогоо тулган хүлээлгэх хөрөнгө, чадварыг олгосон. Энэтхэгийн хувьд гашуун үнэн болсон ийм баримт бол тун түгээмэл үзэгдэл юм. Бидний олгосон гадаадын тусламж нь түүнийг авсан орнуудын хувьд сайныг гэхээсээ саарыг илүү хийсэн байна. Яагаад тэр билээ? Яагаад гэвэл, гадаадын тусламж болгон тэртэй тэргүй хэт их эрх мэдэл эдэлж байсан Засгийн газруудыг улам илүү эрх мэдэлтэй болгодог” гэж тайлбарласан байдаг.

Монголын татварын багц хуулийн төсөлд өгсөн дүгнэлтдээ Ванниски сүх, цахилгаан хөрөө хоёрын ялгааг зүгээр нэг дурдсан хэрэг биш, татварын зөв бодлого нь улсын төсвийг бүрдүүлэгч гол хэрэгсэл болохын зэрэгцээ капиталын хуримтлал бий болгох хөшүүрэг болж, дэвшилт технологи нэвтрүүлэх үүд хаалгыг нээж өгөх чухал хүчин зүйл гэдгийг анхааруулсан байна. Тэгэхээр түүний хэлснээр татвар нь цаагуураа хөдөлмөр зарцуулалтыг багасгаж, хүн амын бодит орлогыг дээшлүүлэх, ингэснээр манай Засгийн газрын дайн зарлачихаад байгаа ядуурлыг бууруулахад ихээхэн нөлөөлдөг байх нь.

Нэрт эдийн засагч энэ хүний хэдхэн мөр товч саналаас эдийн засагчид өөр олон чухал дүгнэлт хийх бизээ. Манай улстөрч, эдийн засагчид Адам Смитийн үл үзэгдэх гарыг 10 гаруй жилийн турш магтаж, зах зээлийн фундаментализмыг тахин шүтсээр суухын оронд түүний The Way the World Works зохиолыг уншиж судалбал сонирхолтой байхын дээр бас нэгийг олж харах нь лав. Учир юу гэвэл, 1970-80-аад оны Азийн барууд, өнөөгийн Эстони энэ номын үзэл санаагаар замнаж, эдийн засгийн өсөлт, нийгмийн дэвшилд хүрч яваа гэж үздэг аж.

Эх сурвалж: "Нээлттэй нийгэм хүрээлэн"

No comments: