April 17, 2008

Тархи угаах PR буюу улс төрийн манипуляци

Хүн төрөлхтний түүхийг эргэн харахад бүхэлдээ улс төрийн соёлын гурван үеийг туулсан байдаг. Анхлан хүмүүс хэн нэгэн ухаантан эсхүл хүчтэй, нөлөөтэй хувь хүнд найдан амьдарч байсан бол дараа нь хувь хүн бус ямар нэг зохион байгуулалт,бүтэц, нийгмийн олонхид дулдуйдан амьдрах арга зам руу орсон байна. Харин гурав дахь үе буюу энэ цаг үед хүмүүс хэн нэг хувь хүн, хэсэг бүлэг бүтэц, зохион байгуулалт гэхээсээ илүүтэй нийгэм, хүний оюун санаанд тогтсон эрүүл дэг журам, ухаалаг бодож олсон хэм хэмжээнд захирагдан амьдрах сэтгэлгээ, дадал, соёлд суралцаж байна.

Монголчууд бид харин энэ гурван үеийн хаана нь явна гэдэг жаахан тиймхэн хариулттай. Учир нь бидний уламжлалт байдлаар хүний мөс, хүн чанар, ёс суртахуун гэх мэтээр хувь хүнд хамаатуулаад буй зүйл өөрөө өнөөдөр хүний дотоод хүсэл, дотоод дуу хоолой гэхээсээ объектив байдалд шилжээд нийгмийн институт болчихож. Мөн өнөөгийн хамтын амьдралын ухамсарлагдсан зүй тогтол нь эргээд хүний хувьд иргэншил-соёлын хэлбэрээр дотоод тал руу нь шилжиж буйг бид ойлгохгүй, анзаарахгүй л явж байна. Үнэхээр ч бид өөрсдөөс минь шаардаад буй нийгмийн хүчин зүйлийн дотоод шаардлага, шалтгааныг орчин үеийн нийгмийн тэр агуулгад нь бус хувь хүний шинж, уламжлалт сэтгэлгээний агуулга дээр яриад тэр үүднээсээ нийгмийн институт, хэм хэмжээ (хууль)-д бус хувь хүмүүст найдаад амьдраад байна. Үүний хамгийн том илрэл нь ямар нэг үндэсний агуу удирдагчийг хүсэмжилж, нэг хүн бүх нийгмийг өөрчилж чадах мэт ойлгоод, нийгмийн шударга ёсыг хувь хүнээс хайгаад байгаа явдал юм. Уул нь соёлт хүн төрөлхтний хамтын амьдралын дотоод учир шалтгаан нь орчин үеийн хүний өөрийнх нь уг чанар болж ухамсрын дотоод хяналт шаардлагыг бидэнд тавихдаа хууль, эрх зүйн хэм хэмжээг чухалчлан дээдлэхийг шаардаж буй юм.

Харамсалтай нь бид хоцрогдсон үзэл бодол, сэтгэлгээний болхи арга дадлаасаа болоод хууль ёсонд гэхээсээ илүүтэй улс төрийн манипуляци (хүний ухамсрыг далд аргаар удирдах үйл явц)-д автамтхай, хэт хөөрөгдсөн үзэл сурталд итгэмтгий болж байна. Ер нь үзэл суртал үргэлж нийгмийн тодорхой хэсгийг /энэ нь зарим тохиолдолд масс бүхэлдээ ч байж болно/ тун гажиг ухаарлаар үйл явдлыг тусган ойлгоход хүргэж байдаг.

PR гэж юу вэ?

PR (Public relation) гэдэг нь олны сэтгэл зүйд далдуур нөлөөлж, ухуулан сэнхрүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа л даа. Тодруулбал, PR-ийг нийгэм улс төрийн аливаа асуудлын талаарх олон нийтийн санаа бодол, сонирхлыг өөрийн төлөвлөснөөр өдөөж түүнийгээ хэсэг хугацаанд барьж, өөртөө ашигтайгаар өөрчлөн удирдах арга технологи гэж ойлгох нь зүйтэй. Орчин үед хэн нэгнийг аливаа салбарт амжилт гаргаж бас унахыг PR л шийдэж байна. Тиймээс улс төрч, улс төрийн хүчин, бүлэглэл, компани, бараа бүтээгдэхүүн гэх мэт алив зүйлийг эерэг сөргөөр ойлгуулахад чиглэсэн төлөвлөгөөтэй, зохион байгуулагдсан, нарийн ухуулан сэнхрүүлэх тогтолцоо өөрөө бүхэлдээ энэ асуудалд хамаарагдаж байгаа юм. Хамгийн богиноор PR нь нийгэм улс төрийн сэтгэл зүйг бэлтгэж түүн дээрээ тоглох урлаг гэж хэлж болно.
PR нь золигт гаргах, гэрэлтүүлэх, сүүдэртүүлэх, шүгэл үлээх, баллуурдах, дайсан төрүүлэх, тархи угаах, хууран нөлөөлөх гэсэн олон аргуудыг хэрэглэдэг төдийгүй эдгээр ажиллагааныхаа үр дүнг харьцуулан судлах, түүвэрлэн сонгож дүгнэх, баримтыг онцгойлох гэх мэт өөрийн арга зүйн судалгаагаар үйл явцаа нягтлан шалгаж байдаг идэвхтэй процесс. Ер нь бол эдийн засаг сул хөгжсөн, ухамсарын түвшин уналтад орсон, хий улс төржсөн орчинд улс төрийн PR илүү хурдан хөгждөг гэдэг юм билээ.

Би энд жишээ болгож (гэхдээ улс төрийн биш шүү) өөрийнхөө шинэ дууны эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай PR хэрэглэсэн нэг түүхийг ярья л даа. Өнөөдөр хүн бүрийн сайн мэдэх Английн дуучин Роби Уилямсийн тухай. Тэрээр нэг сонинд "Роби Уилямс Лондонгийн нэртэй клубээс хамгаалагчаар шидүүлэн хөөгдөж гарав" гэсэн мэдээ тавиулсан байна. Уг мэдээний дараа олон нийтийн санаа бодолд "яагаад хэрхэн хөөгдөж гарсан юм бол" гэсэн мэдээллийн эрэлт ихээр бий болж асуудал өдөөгдсөн бөгөөд төдөлгүй түүний тайлал болж сонинд тус клубын хамгаалагчийн ярилцлага гарчээ. Хамгаалагч юу гэж ярилцлага өгсөн гэхээр: залуу одын хөөгдөн гарах шалтгаан нь "тайзан дээр халамцуу гарч тайчиж зүггүйтсэн" гэж мэдэгдээд цааш нь "гэхдээ Роби дажгүй тайчдаг юм билээ" хэмээн дотно байдлаар эерэг өнгөтэй дараагийн зорилгот мессежийг хэвлэлээр нийтэд цацсан байна. Үүний дараа Роби Уилямсийг хэрхэн тайчдагийг үзэх сонирхолтой хүмүүсийн тоо түүнийг баарнаас хөөгдөн гарсан шалтгааныг мэдэхийг хүсэж байсан хүний тооноос хэд дахин их болсон бөгөөд энэ өрнөлийн эцсийн тайлал нь Роби Уилямсийн тайчиж буй клип болсон. Өөрөөр хэлбэл, дуучин маань энэ клипээрээ дамжуулж шинэ дуугаа зоволтгүйгээр олон хүнд хүргэж, өөртөө шүтэн бишрэгчдийг төдий хэрээр бий болгож чадсан байдаг.

Харин улс төрийн PR, улс төрч гэж хэн бэ?

Ер нь бол хэдхэн хүн, цаг ямагт улс төрд байх ёстой биш л дээ. Улс төрчдийн улс төрд амьдрах идэвхитэй хугацаа найман жил гэж л ярьдаг юм билээ. Энэ хугацаанд зарим хэсэг нь мартагдан алга болно. Нөгөө хэсэг нь хэчнээн тэмцээд ч өөрийн хийсэн алдаа, эсрэг талын хар PR-д цохиулаад улс төрийн үхдэл болон хувирдаг. Харин өөрөөрөө ард түмнийг биш ард түмнээр өөрийгөө хэмжиж, тэдний зүрх сэтгэлд чихээ ойр тавьж, дотор нь амьдарч чаддаг хүн л улс төрд удаан оршин тогтнож, амьд байж чаддаг гэдэг.

Өнөөдөр Монголд ийм улс төрч хэд байгааг би тодорхой хэлж мэдэхгүй. Харин улс төрийн тун гаж, эмгэгтэй орчин Монголд тун хурдацтай тархаж, бохир улс төр л хөгжиж буй талаар олон зүйл баримттай ярьж чадах байна.

Сүүлийн үед манайд XVIII-ХХ зууны эхэн үед улс төрийн байгуулалд хэрэглэгдэх болсон Commonwealth-ийн хамгийн явцуу, гэнэн; ер нь бол улс төрийн хэрэглээнд бүдүүлэг утга болон хувирсан "нийтээр нийгэмчлэгдсэн амьдрал" буюу үнэндээ нийтийн дотуур байр шиг л орчингоор нийгмийн үйл ажиллагааг үнэлж, улс төрийн ухамсраа бүрдүүлэх болсон нь массын ухамсарлалд нэг цул үнэлэмжийг буцаан бий болгож, энэ нь хэвийн бус байдлаар нийгэмд нөлөөлөх боллоо. Гэхдээ энэ хэвийн бус гэж үзэх шалгуур нь 1992 оны Үндсэн хуулиар тогтоогдсон орчин үеийн эрх зүйт төрийн шаардлагаас нөхцөлдөж буй юм. Ер нь бол Үндсэн хуульт ёс, эрх зүйт төрийн үзэл зарчмууд хөгжин бүрдсэн нь түүхэнд ардчилсан тогтолцоо дангаараа хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангах төгс хэрэгсэл бус гэдгийг харуулсан гэлцдэг. Магадгүй миний энд өгүүлэх асуудлууд улс төр (эрх мэдэлд хүрэх эрмэлзлэл) хувьдаа тодорхой нөхцөлд тэр субъектийнхээ хувьд зөв байхыг үгүйсгэхгүй, харин орчин үеийн эрх зүй, ардчиллын шаардлагын үүднээс бол хэзээ ч би зөвтгөж чадахгүй.
Үнэлэмж цулдаж, иргэний нийгэмгүйжих энэ үзэгдэл үнэндээ шинэ үзэгдэл биш бөгөөд 1990-ээд оноос өмнө монголчуудын хувьд тэр дундаа асуудалд ул суурьтай хандаж болох боловсролтой хэсэгт (тухайн үеийнхээр бол сэхээтнүүдэд) хувь хүн хөгжих, өөрийгөө хадгалах орон зайн (иргэний нийгмийн) асуудал нь шинжлэх ухааны үндэслэлтэй нийгмийн үзэл суртал, үйл ажиллагааны хязгаарт баригдаж байв. Хувь хүний гэр орондоо өнгөрүүлэх амьдралын идэвхитэй хугацааг барьж болохуйц хамгийн бага түвшинд байлгах нь хүний сэтгэлгээн дэх эрх чөлөөний асуудлыг, улс төрд өгөх бодит үнэлэмжийг тэс өөр үзэл суртлын цэг дээр хялбархан аваачих арга зам болж өгдөг.

Жишээ нь: миний мэдэхийн аав, ээж маань хар үүрээр сонин уншлага, улс төрийн лекц гээд л гарах ба бүтэн өдөржин ажиллаж ирээд хам хум хоол хийж идэж аваад дахиад л улс төрийн сургууль, олон нийтийн ажил гээд алга болдог байв. Үнэндээ оройдоо унтах л гэж орж ирнэ, эрт ирсэн өдрөө бол тэр үедээ л улс төр гэх эх оронч үзэл, улс нийгмийн ашиг сонирхол, олон улсын байдал гэх хэдэн зүйлээ зурагт сонингоос эргүүлж, өөр зуураа ярилцана. Үнэндээ тэр үед бараг бүх хамт олонд улс төрийн дууны хамтлаг байж, сэхээтэн хүн бүр өөрийнхөө боловсрол, улс төрийн идэвхийг олон улсын байдал ярьж гаргадаг байсан ч тэд жинхэнэ улс төр болох өөрсдийнхөө амьдрал, өөрсдийнхөө нийгмийг хэзээ ч үнэлж цэгнэж байсангүй. Тэгээд бүтэн сайн өдөр ганц гэртээ өнжих болохоор коммунист субботник гэж нэг юм садаа болно, аз болж өнжвөл бидний хувцас хунар хоол унд бэлдэж байгаад л дуусна. Үнэндээ тэдэнд өөрийнхөө дотоод ертөнцийг нээх боломж байсангүй, амьдралын бүхэл идэвхитэй цаг мөч нийтийн дунд, нийгэмчлэгдсэн харилцаанд өрнөдөг болохоор гэрээ бусдынхаас ялгалаа гэхдээ төмөр орныхоо толгойд, даавуун дээр өөр цэцэг л хатгадаг байв. Бүх л юм нэг хэвийн, хүүхдүүд нь ч нийтийн боловсролтой, амьдрал нь ч нийтийн хэв маягтай, сайн тал нь нэг нэгэндээ атаархах зүйлгүй амар л байсан байх. Даанч эрх чөлөө үгүй, өөр өөрийнхөөрөө сэтгэх боломжгүй, тун эмгэнэлтэй хязгаарлагдмал ертөнц. Ийм ертөнц ганц бидэнд биш байсан бололтой. Бид бүгдийн үзэх дуртай "савангийн дуурь"-ын улс төрийн зориулалтын тухайд нэг сонин баримт байх юм. Энэ нь:

Өмнөд америкийн дийлэнх улсуудын фермерийн эдийн засаг нь хамгийн бага зардалтай бараг боолын гэж хэлж болох ажиллах хүч дээр тогтдог. Мэдээж ХХ зуун хүний эрх, ардчилал гэх мэт асар олон ололтын зуун. Тиймээс цаг үеэсээ шалтгаалсан эдгээр мэдээлэл тэдгээр боол мэт амьдрах хүмүүст хүрээд, тэдний дунд эрх чөлөө, цалин хөлс, нийгмийн хангамжийн тухай яриа улс төр болон өрнөж эхлэхэд ганцхан хөрөнгөлөг хэсэгт захирагдах төрийн үзэл сурталчид энэхүү үйл явцыг зогсоох арга сэдэж эхэлж. Хүчээр зогсоож болно гэхдээ энэ нэг л зохимжгүй. Тэгээд нэг арга олсон нь асуудлын голыг хөөн харсанд орших аж.

Олон түмэн яагаад улс төрд автана вэ? Тэд талбай дээрээс буугаад гэртээ ирээд өлөн зөлмөнхөн хоолоо идээд орой унтах хүртлээ хийх зүйлгүй учир өөр зуураа дэмий буу халж, энэ буу халалтад нь улс төр өрнөөд байна. Тиймээс амьдралын идэвхитэй хэсгийн сул энэ орон зайд ярианых нь сэдэв тэдний амьдрал биш өөр зүйл байх ёстой гэж дүгнэж. Тэгээд тухайн үеийн шинжлэх ухааны ололтуудыг ашиглан Засгийн газрын дэмжлэгээр, үнэндээ бол захиалгаар олон ангит "савангийн дуурь"-ууд хийгдэж, суурин бүрт зурагт тавигдсанаар олон түмэн өөрсдийнхөө амьдралд бус киноны гол баатар Марияанаагийн амьдралд санаа зовж, кино үзэж нэг кайф аван, үзсэн ангиа ярилцаж нэг кайф авч, үзэх ангиа зөгнөж нэг кайф авдаг болж, өөрсдийн амьдралаа хийсвэр утганд хувиргаж эхэлж. Магадгүй кино үзэж ингэж хийсвэрээр амьдрах нь утгагүй гэж хэлбэл тэд уурлана. Угаас тэдгээр савангийн дуурь нь хүний амьдралын чухал асуудал шийдвэрүүдийг дараа дараагийнхаа анги руу шилжүүлэн удаан үргэлжлүүлж, ирээдүйд хий хоосон итгэл найдвар үлдээх нь, гэхдээ тэр найдлага нь өөрсдөд нь биш бусдад байхаар төсөөлөгддөг нь үзэгчдээ нийгмийн аливаа өөрчлөлтүүд удаан хийгддэг, тэд өөрсдөөс нь үл шалтгаалдаг гэж ухамсаргүйгээр итгэхэд хүргэж, энэ нь ч аяандаа улс төрийн эрүүл шаардлагууд татарч, үнэлэмж нь засаглагчдад ашигтай нөхцөл болон хувирахад гол хүчин зүйл болжээ. Бас л тун эмгэнэлтэй, хязгаарлагдмал жаргалтай ертөнц. Хүний ухамсар дахь ийм хязгаарлалтуудаар том улс төр-PR хийдэг жишээ энэ.

Нийгмийн гишүүдийн ухамсрыг хувь ертөнц, ашиг сонирхол нь үл ялгагдах нэг орчинд багтаан зөрөөтэй сонирхлыг үл тоомсорлох хандлагаар баяжуулах нь аливаа асуудлыг, ялангуяа улс төрийг нэг л өөр гаж стандартаар үнэлэхэд хүргэдэг төдийгүй иргэний нийгмийг хүчгүйдүүлэх гол нөхцөл болдог.

Дээр дурдсан манай уламжлалт сэтгэлгээ ядахдаа амралтын хоёр өдөртэй болсноор эвдэгдэх боломжтой болсон хэдий ч бас улс төрийн өнгө аястай асуудлуудад хадгалагдсаар л байна. Жишээ нь өнөөдөр би хагас, бүтэн сайнд гэртээ амрах гэхээр л цэвэрлэгээндээ гараарай гээд цонхон дор хашхиралдчих юм. Учрыг нь гайхаад олохгүй. Яагаад би цэвэрлэх ёстой гэж. Намайг ингэж хэлэхэд ихэнх нь, манай аав ч мөн адил эвэртэй туулай үзсэн мэт харж, арчаагүй, улс нийгмийг сорж мөлжигч хэмээн нүд үзүүрлэх нь холгүй байдаг. Хүн бүр л улс орноо өөд нь татъя, хөгжүүлье гэж чадах чинээгээрээ сэтгэж бодох тухай ярьж байхад чи хуульч болох гэж байж хойш суулаа энэ тэр гээд л, Харин би тэдний ингэж харж, бодоод байгаад л гайхдаг.

Уул нь би татвар төлдөг, тэр татварын маань тодорхой хэсэг хот тохижуулахын төсвийг бүрдүүлдэг. Тэд л хийх ёстой. Хэрэв бид сайн дураараа тэдний ажлыг хийлцээд байвал, яаж үнэлж, хариуцлагыг нь тооцох болж байна. Үнэндээ энэ улс төрийн уур амьсгалтай бодож олсон кампанит ажил нь тухайн харилцаа өөрөө илүү соёлтой, үнэлгээ-хариуцлагын асуудал нь илүү боловсронгуй болон хөгжихөд садаа болоод байна шүү дээ. Уг нь хотоор хөглөрч буй энэ хогийг хараад хэн цэвэрлэх ёстой тэрэнд нь шаардлага тавьж, тэр нь ажиллах хүч, төсөв хөрөнгөө зөв тооцон, үйл ажиллагаагаа оновчтой зохион байгуулж, өөрт хамаарах болон бусдад хамаарах хариуцлагыг ялган тодорхойлох учиртай. Би ингэж бодож, яагаад ийм байлгахын төлөө хэлж буй үгийг минь, нийгмийн дайсан болгож ойлгоод, түүндээ итгээд байгаа юм бол гэж гайхах юм. Үүнд аав бид хоёрын насны зөрөө, эсвэл аав хүү хоёр байгаадаа биш харин сэтгэлгээний хязгаарлалд хэр автсандаа л байх шиг санагдана. Чухам энэ хязгаарлалыг өдөөн дэвэргэж, түүн дээр улс төр хийгээд байгаа нь л эмгэнэлтэй.

Өөр нэг жишээ хэлье. Өнөөдөр манай хуульчид хуулийн практикийг хуулиас дээгүүр үзэх юм. Учир нь тэдний ихэнхи нь 1992 оны Үндсэн хуулиас өмнө боловсрол олсон хүмүүс бөгөөд хуулийн хэллэг нь 400-гаас 600-н ойлголтын дотор эргэлдэнэ. Энэ байдлаараа нийгмийг ойлгох дуртай. Гэтэл өнөөдөр хууль нь өөрөө 4000-аас 6000-н ойлголтоор тодорхойлогдох болсонд өөртөө байгаа боломжоос 10 дахин их хуулийн утганд төөрч, хялбараар нь 400-гаараа амьдралын асуудлыг шийдэж, харин түүнийгээ зөвтгөхдөө практик ийм байна, хуулийн онол практикт нийцэхгүй гэх мэтчилэн хэдхэн үгээрээ нийгмийг бүхэлд нь захиргаадна. Цаана нь амьдрал хуулиас хэд дахин өргөн, тэгээд ч илүү их ойлголтоор задрахыг шаардана. Харин хуульчид нь түүнийг практик гэх нэрийн дор өөрсөддөө хялбар болгон зохиож, хуулийн гэж цоллосон үйл ажиллагаагаараа улам бүр хумьж өгнө.

Үүнтэй адил улс төрд ч иргэдийн улс төрийн ухамсрыг хэдий хэр явцуу түвшинд барина, төдий чинээ л буруу шийдэл нь зөв болж, утгагүй ажил нь утгатай болж, хөгжлийн асуудал эрүүл хэм хэмжээнээс гадуур тэс өөр агуулгад захирагдана.

Үндсэндээ нийгэм ядуу, сэтгэлгээ ядмаг, иргэд харанхуй байх тусам улс төр хийнэ, төрийн эрх барина гэдэг цаг ямагт ашигтай бизнес байдаг. Харин улс төрийг ашиггүй, улс төрчийг нууцгүй болгож нийгмийг дээр дурдсан тархи угаалт, улс төрийн манипуляциас чөлөөлж гэгээрүүлэн, төр барина гэдэг ёс зүйтэй, хариуцлагаа ухамсарлах хүний ажил, улс төрч байна гэдэг нээлттэй шударга, эрүүл үзэл бодолтой байхыг ойлгодог болгоход хараат бус хэвлэл мэдээлэл, чөлөөт сэтгүүлчийн үүрэг роль их бөгөөд "ардчилал чөлөөт хэвлэл мэдээлэлгүйгээр оршиж чадахгүй" гэдэг үгийн гол утга үүгээр илрэх болов уу.

Эх сурвалж: "Нээлттэй нийгэм хүрээлэн"

No comments: